ЭЕШ: Монгол хэл бичгийн шалгалтад босго оноо тавихгүй

2017 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар явагдаж байна. Энэ жил 37 мянга гаруй сурагч ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа бөгөөд үүн дээр нэмээд гадаадад сургууль төгсөөд ирж буй сурагчийн тоо нэмэгдэх аж. Мөн өмнөх жилүүдэд ЭЕШ-д хамрагдаагүй төгсөгчидтэй нийлээд 40 мянга гаруй элсэгч шалгалт өгөх урьдчилсан тоо байна.

Тэгвэл энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтын журамд хэд хэдэн өөрчлөлт гарчээ. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Б.Цэрэннадмидаас тодрууллаа.

-ЭЕШ-ийн бүртгэл дуусахад цөөн хоног үлдээд байна. Бүртгэлийн үйл явц хэдэн хувьтай байна вэ?

- Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхлээд  хоёр сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Бүртгэл ирэх сарын 14-ний өдөр дуусах хэдий ч одоогоор  40 хувьтай явж байна. Олон жилийн жишгээр хугацааны сүүлээр бүртгэл идэвхждэг байдал ажиглагдаж байна.

-Энэ жилийн бүртгэлийн журамд ямар нэг өөрчлөлт орсон уу?

-Өмнө нь ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн багш нар сурагчдынхаа бүртгэлийг нэгдсэн журмаар хийдэг байсан. Харин энэ жилээс элсэгчид заавал өөрийн и-мэйл /цахим/ хаягаараа бүртгүүлэх ёстой болсон. Ингэснээр бүртгэлийн дугаар, нууц үг, дүн оноо, шалгалтын байр зэрэг бүх мэдээллээ и-мэйл хаягаараа хүлээн авах юм.

-Шалгуулагч өөрөө бүртгүүлэхдээ юуг анхаарах ёстой вэ?

-Шалгуулагчийн и-мэйл хаяг заавал өөрийнх нь байх ёстой. Бүртгүүлэхдээ хавсаргах зургийнхаа шаардлагад анхаарах хэрэгтэй. Гар утсаараа авсан чээж зураг, селфи зэрэг нь шаардлага хангахгүй. Мөн бүртгэлийн дугаар нууц үгээ мартах тохиолдол их гардаг. Тиймээс шаардлагатай нууц үг, дугаараа тэмдэглэж авалгүй, мартсан тохиолдолд 133233 дугаарт мессэж илгээн хүлээн авахыг сануулж байна.

Ингэхдээ бүртгэлийн дугаар сэргээх бол PID регистрийн дугаарын тоо, нууц код сэргээх бол PSW регистрийн дугаарын тоо, суудлын хуваарь харах бол SID регистрийн дугаарын тоо, шалгалтын дүнгээ харах бол DUN регистрийн дугаарын тоо, шалгалтын хуваарь харах бол EYESH гэж бичин тусгай дугаарт илгээнэ.

Өмнөх жилүүдэд элсэгч шалгалт өгөх хичээлүүдээ баталгаажуулахдаа  өргөдөл өгдөг байсан бол энэ жилээс шалгуулагчийн булангаасаа бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтрэн орж бүртгүүлэх боломжтой. Төлбөрийн хувьд нэг хичээл 5800 төгрөг, бүртгэлийн хураамж 700 төгрөг. Төлбөрөө онлайнаар төлөх ёстой. Орон нутгаас бүртгүүлэгчид тухайн орон нутгийнхаа боловсрол, соёл урлагийн газарт байгаа Боловсролын үнэлгээний төвийн бүртгэгчид хандан “Пэй код”-ыг авч төлбөрөө төлнө.

-Хичээл сонголтоо буруу хийсэн, илүү хийсэн тохиолдолд засах боломжтой юу ?

-Бүртгүүлэгч шалгалт өгөх хичээлээ бүртгэлийн хугацаанд нэмж болно. Харин хасах юм уу солих боломжгүй. Манай байгууллага дөрөвдүгээр сарын 01-ний өдөр нээлттэй хаалганы өдөр зохион байгуулна. Энэ үеэр элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хийх, санал гомдол, өргөдөл, хүсэлтийг хүлээн авч асуудлыг шийдвэрлэж өгнө. Мөн шалгуулагчдаас элсэлтийн ерөнхий шалгалтын сорил даалгаврыг авч дүнг нь танилцуулна. Түүнчлэн ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд “Элсэлтийн ерөнхий шалгалт”, “Мэргэжил сонголт” гэсэн сэдвээр лекц, уулзалт зохион байгуулна.

-Бүртгэлийн журмаас гадна элсэлтийн ерөнхий шалгалтын журам жил бүр өөрчлөгдөх тал бий. Энэ жил ямар өөрчлөлт орсон бэ?

-Энэ жилээс сонгож өгөх монгол хэл болон гадаад хэлний шалгалтуудад сонсож ойлгох даалгавар нэмэгдэж байгаа. Шалгуулагчид маань eec.mn цахим хуудсанд байрлах сонсож ойлгох жишиг даалгаврыг ажиллаж өөрсдийгөө сорих боломжтой.

Мөн заавал өгөх монгол хэл, бичгийн шалгалт босго оноогүй болсон. Өмнө нь энэ шалгалтын дүн босго оноо даваагүй бол элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээс үл хамааран их, дээд сургуульд элсэх боломжийг нь хязгаарладаг байсан. Хэдий боловсролын үнэлгээний төвөөс заавал өгөх шалгалтад босго оноо тогтоохгүй ч элсэгчийн элсэн орохыг хүссэн сургууль оюутан элсүүлэх журамдаа монгол хэл бичгийн шалгалтын онооны босго тогтоосон байхыг үгүйсгэхгүй.

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлээ хэрхэн хийх вэ

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл ирэх сарын 14-ний өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Бүртгүүлэгч энэ хугацаанд Боловсролын үнэлгээний төвийн зөвлөгөө мэдээллийн ажилтнуудын тусламжтайгаар eec.mn цахим хуудсанд өөрийн и-мэйл хаягаар нэвтэрч бүртгүүлнэ.  Бүртгүүлэгч цахим үнэмлэх түүнтэй дүйцэхүйц бичиг баримт, 3х4 хэмжээтэй өнгөт чээж зураг, бүрэн дунд боловсролын үнэмлэх, и-мэйл хаяг, интернэт гүйлгээ хийлгэх боломжтой банкны карт зэргийг бүрдүүлсэн байх шаардлагатай. 

Хувийн мэдээлэлтэй холбоотой гарсан алдааг сурч буй сургуулийн сургалтын албаар дамжуулан БСШУСЯ-ны боловсролын салбарын мэдээллийн нэгдсэн системд баталгаажилт хийлгүүлэн засварлуулах боломжтой. Мөн шалгуулагч бүртгүүлэх явцад төлбөрийн гүйлгээг давхардуулж хийсэн тохиолдолд 2017 оны 04 сарын 25-аас өмнө БҮТ-д хандаж төлбөрийн буцаалт хийлгэх тухай хүсэлт гаргаж болно. Төлбөрийн буцаалт хийхэд үүсэх банк хоорондын гүйлгээний шимтгэлийн хураамжийг шалгуулагч хариуцна. Харин ЭЕШ-ын бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах тохиолдолд шалгалтын хураамжийн 70%-ийг эргүүлэн авч боломжтой аж.

 

Эх сурвалж: EAGLE.MN

Буцах

Мэдээллийн булан